dimanche 19 juillet 2015

"Бид БАРГА МОНГОЛЧУУД" blogger нээсний минь гол зорилго залуу үе бид санаа боодлоо солилцох, шинэ соргог мэдээ мэдээлэл нэмэх, танилцаж мэдэлцэх, нэгдэж үүх түүх ёс заншлаа олж мэдэн сонирхоход оршихоос гадна би БАРГА МОНГОЛ, БАРГА угсаа гурвалын хүн гэж хэлж омогшиж үүх түүхээрээ бахархдаг болоход гол зорилго оршино.
***
                                             БАРГА НЭРНИЙ ТУХАЙД:
Тан улсын түүх бичлэгт Баегү аймаг хэмээн тэмдэглэсэн. Энэ үг нь Баргын эртний дуудлага юм. Түрэгүүд Баргыг Баийрку буюу Баергужин гэж бичдэг байсан. Барга нэрийн хувьд түрэгээр Бараха, Борой, Шидэт нохой, Баяжих гэсэн үгнээс гаралтай. Чинээлэг байхыг билэгдсэн аймаг угсааны нэр. Баргууд их бийлэгжүү болохоор баян Баргууд гэх нь олонтой. Судлаачдыи үзсэнээр Баргууд Чингисийн аян дайны үед цэргийн ар талын эд барааг хариуцан харуулын цэргийн алба хааж байсан тул бараачин Барга, 12 дугаар зуунаас хойш бөөгийн шашинтан Барга гэгдэх болсон байна...

***

                                                            БАРГА ЯСТАН
Барга аймаг нь Монгол удмын аймгуудын нэг юм. XIII зуунаас урьд Байгаль далайн тэндэх Баргужин төхөм гэдэг газар 11-12 зуунд нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг байжээ. Эртний сурвалжит монгол аймаг Барга нарын голомт нутаг нь Байгаль нуураас Хянганы нуруу хүртэл үргэлжилж байжээ. Баргачууд нь Чингис хааны аян дайны үед цэргийн ар талын эд барааг хариуцан харуулын цэргийн албыг хашдаг байсан байна.
Монголын нууц товчоонд тэмдэглэснээр Баргажин аймгийг Баргудай мэргэн захирч байсан бөгөөд түүний охин Баргужин гуагаас төрсөн Чингис хааны дээд удамын Алунгуа эх болно. Барга буюу Баргуд нь XIII зууны үед ойн иргэд, хорь түмэдийн хамт Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж Урианхай мянганы нэгэн болж явжээ.
XIII зууны эхээр Монгол угсааны олон аймаг нэгдэх үед Байгаль орчмоор нутаглаж байсан нүүдэлчин аймгууд 1207 онд Их Монгол Улсын харъяанд, дараа нь Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн угсааныхны мэдэлд орж, 1368 онд Юан улс мөхсөний дараа шинээр үүссэн Дөрвөн Ойрадын холбоонд Барга аймаг орж байжээ. XY зууны үед Ойрадууд баруун зүг нүүдэллэхэд Барга, Буриад аймгууд Батмөнх Даян хааны харьяат зургаан түмэн монголын Зүүн гурван түмний нэг Урианхай түмний бүрэлдэхүүнд багтаж, Сэлэнгэ, Байгал, Онон, Хөлөнбуйр, Хянганы нурууны хооронд нутаглаж байжээ. XYI зууны үед Урианхай түмэн хуваагдсанаар Барга, Буриад нь Халх түмний харьяалалд орж, улмаар Халхын Түшээт хан, Засагт ханы захиргаанд хамаарагдах болжээ. XYIII зууны эхээр зохиогдсон “Алтан хааны тууж” хэмээх зохиолд Алтан (1507-1522) хааны үед Юншөөбү, Түмэдийн дотор барга иргэн багтаж байсан тухай тодорхой тэмдэглэжээ.
Баргачууд түүхийн тодорхой хугацаанд Сэцэн хан аймгийн нутагт оршин сууж бэйс Жанчивдоржийн хошуунд харъяалагдаж байхдаа Галдан бошигтын эсрэг дайнд оролцож, улмаар Манжийн хаанд захиргаанд орохдоо Хөлөнбуйрын нутагт суурьшин нутаглах зарлиг хүлээжээ. Ийнхүү 1734 онд Хөлөнбуйрт нүүдэллэн очиж манж найман хошууны зохион байгуулалтанд орсон байна. Манж найман хошууны зохион байгуулалт гэдэг бол засаг захиргааны нэгж хошуу бөгөөд “цэрэгт барьдаг” тугийн өнгөөр нэрлэгдэнэ. Барга найман хошуу нь хөвөөт цагаан, хөвөөт хөх, хөвөөт улаан, гүл хөх, гүл цагаан, гүл шар, гүл улаан гэх нэртэй болсон байна.
Богд хаант Монгол улс байгуулагдахад 1912 онд Баргад Манж-Хятадын эсрэг бодлого гарч өөрсдийгөө Богд хаант Монгол улсын харъяат хэмээн зарласан байна. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр баргуудыг хятадын бүрэлдэхүүнд хэвээр үлдээжээ. Энэ үеэр барга, буриадууд дорнод хилээр Монгол нутаг руу уван цуван нүүдэллэж эхэлсэн билээ. 1945 онд нүүж ирсэн баргууд Дорнод аймгийн Хөлөнбуйрт суурьшсан ба хүний тоо 1000 орчим, малын тоо 89 мянга орчим байжээ. Баргачууд эдүгээ Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан, Завхан аймгийн Их-Уул, Ургамал, Сантмаргац, Сүхбаатар аймгийн Уулбаян, Баянтэрэм зэрэг сумдад аж төрж байна. 2010 оны хүн амын тооллогоор 2989 барга ястан бүртгэгдсэн.
Баргачуудын хэл аялгуу нь буриадтай нэлээд төстэй юм. Овгийн дэг журмыг нарийн баримтлан сахиж, ахмадыг хүндэтгэн, овог дотроо гэр бүл болохыг хориглож, ах дүүсээр хотлох, нагац талаа дээдлэх зэрэг нь ураг барилдах, цагаан сарыг тэмдэглэх, нүүдлийн зан үйлд тод тусгагдан үлджээ.
Барга хувцас - Барга эрчүүдийн дээл нь өргөн захтай, энгэр нь дугуйвтар бөгөөд тавиу өргөн, нударга бүхий урт ханцуйтай, хормой нь дугуйвтар өргөн, зах энгэр нь дан эмжээртэй байх нь нийтлэг. Дээлэн дээр суран ба даавуун бүс бүсэлдэг. Суран бүсийг адуу, үхрийн ширээр хийж, гадна талыг төмөрлөг эдлэлээр товруу гаргаж гоёдог уламжлалтай. Бүсний өнгө хул шар, улбар шардуу байх нь элбэг. Даавуун бүсийг эр хүн шөнө унтахдаа аман хүзүү (халх) зангиагаар зангидаж дэрнийхээ доод талд тавьдаг заншил нь салсныг эвлүүлэх, алив задгайг бэхлэн батжуулах бэлгэдлийн утгыг агуулдаг. 
Нөхөрт гарсан барга эмэгтэй хүн түнтгэр ханцуйтай эхнэр дээл өмсөнө. Ханцуйнд хуниастай хоргойгоор нударга хийж гоёдог. Эхнэр дээл уужтай, ууж нь таван мөнгөн товчтой, уужны хажуу талд богос оёж хоргой туузаар чимэглэнэ. Уужны энгэр талыг өргөн хоргойгоор эмжиж, хоёр ташаанд нь оноо гаргадаггүй байна.
Барга гутал нь буриад гуталтай төстэй, хамар нь шантгаргүй, гутлын зулагт тахир угалз, зуузай ба шагайд пүүз тавьж гоёх ба ирмэг улыг эсгий, даавуугаар ширж хөмөөр уллана. Бойтог гутлыг хонь, ямааны арьсаар зулаглаж оёно.

***